Тавантолгой түлш компанийн сайжруулсан шахмал түлшний улаан уут хил гаалийн асуудлаас болж тасарч, харин 100 кг-аар нь том цагаан уутанд хийж худалдаалах нь иргэдэд ихээхэн хүндрэл бэрхшээлтэй байгаа талаар иргэд шүүмжилсэн юм. Тухайн компанийн зүгээс уут байхгүй учир ингэж зарахаас өөр арга байхгүй, нүүрсээ ямар таваглаад заралтай биш дээ гэсэн байр суурийг илэрхийлсэн байдаг.
Гэвч урд хил хааснаас болж улаан уут нь тасарсан байсан бол ойрын өдрүүдэд уутаа татан авах ажиллагаа хэвийн болсон байна. Өчигдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр шахмал түлшний уут дахин тасрахгүй гэсэн мэдээллийг өгчээ. Харин шахмал түлшний 44228 тонн нөөцтэй байна.
Тэгвэл шахмал түлшний нэг ширхэг шуудайг 600 төгрөгөөр урд хөршөөс худалдан авдаг байна. Энэ жил 10 сая ширхэг шуудайг 6 тэрбум төгрөгөөр импортоор авахаар төлөвлөсөн аж. Гэвч хил гаалийн хорионоос болж түлшний шуудай хил дээр гацаж, 100 кг-аар савлаж худалдаалдаг байсан нь иргэдэд хүндрэлтэй байжээ.