Австралийн Сидней хотын нэгэн лаборатори олон хүний Covid-19 шинжилгээний хариуг алдаатай буюу эсрэгээр нь илгээжээ. Мэдээлэл боловсруулахдаа алдаа гаргасны улмаас тус лаборатори Зул сарын баярын үеэр шинжилгээ өгсөн нийт 866 хүний хариуг сөрөг гарсан мэтээр худал мэдээлсэн байна.
Үнэндээ дээрх хүмүүсийн шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарсан байжээ.
Мягмар гарагт SydPatch лаборатори алдаатай хариу хүлээж авсан хүмүүсээс уучлал гуйж, Омикрон хувилбарын улмаас халдварын тоо эрс өссөн нь лабораторийн ачааллыг урьд өмнө байгаагүй хэмжээгээр нэмэгдүүлснээс алдаа гарсныг тайлбарласан байна. Ачааллын улмаас автомат ажиллагаанаас гадна гар ажиллагааг нэмсэн нь алдаа гаргахад хүргэсэн гэнэ.
Одоо тус лаборатори чанартаа анхаарах үүднээс зөвхөн автомат ажиллагаанд шилжиж, хүлээж авах сорьцын тоогоо бууруулжээ. Сидней хот оршдог Австралийн Нью Соут Уэльс мужид сүүлийн долоо хоногт авсан шинжилгээний сорьцын өдрийн дундаж 145,000 хүрсэн байна.
Долоо хоногийн өмнө энэ үзүүлэлт 117,000 орчим байжээ. Энэ өсөлтийг Омикрон хувилбарын тархалттай холбоотой гэж албаныхан тайлбарлаж байна.
Даваа гарагт Австрали даяар цар тахал эхэлсэн цагаас хойш анх удаа 10,000 давсан халдварын шинэ тохиолдол бүртгэгджээ.
Эх сурвалж: BBC