Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсов.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар тээвэр ложистикийн асуудлаа шийдчихвэл эдийн засаг тэлж, төсөв алдагдалгүй гарах боломжтой талаар онцлов.
Замын-Үүд-Эрээн боомтын асуудлаар ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Хилийн 0 цэг дээр харилцан ачаа солилцох талбайг гаргасан. Одоогийн байдлаар Хятадын талаас бараа ачааны тээвэрлэлт хийгдээгүй байна. Өмнө нь үлдсэн байсан таван машиныг татаад авчихвал чингэлгээр ачаа татах ажил руугаа орж болно гэж харж байна. Хүнсний бүтээгдэхүүн дээр тусгайлсан ажлын хэсэг гаран, ажиллаж байна. Урд хилийн боомтууд дээрээс хүнсний бүтээгдэхүүнийг цаг хугацаатайгаа татах ажлыг хийж байна” гэв.
Харин УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Үйлчилгээний байгууллагууд дасан зохицох чадвар сайтай нь харагдаж байна.Та нарын ачааг хүлээхгүйгээр зах, худалдааны төвүүд Туркийн бараагаар дүүрч байна.Хүнсний лангуунууд нь Европ, Оросын бараагаар дүүрч байна. Төр оролцоогүй салбарууд хурдан хугацаанд дасан зохицох чадвартай нь харагдаж байна” гэж өөрийн байр суурийг илэрхийллээ.