Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев лхагва гаригт Засгийн газрыг огцруулах зарлигт гарын үсэг зурж, баталгаажуулсан талаар тус улсын “Kazinform” агентлаг мэдээллээ.
Улмаар Ерөнхий сайд Аскар Маминыг огцруулж, Шадар сайд Алихан Смайловыг Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Харин шинэ Засгийн газар байгуулагдах хүртэл бусад сайд нар бүрэн эрхээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх аж.
Казахстаны томоохон хотуудад энэ долоо хоногийн турш шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал өрнөсөн. Харин Аскар Мамины Засгийн газар мягмар гаригт автомашины газын үнийн хязгаарлалтыг цуцлах шийдвэр гаргасан юм. Үүний дараа Алматы хотод эсэргүүцлийн жагсаал улс төрийн өнгө аястай нийтийг хамарсан эмх замбараагүй байдал болж хувиран, иргэд болон цагдаа нарын хооронд томоохон мөргөлдөөн гарч, олон зуун хүн баривчлагдсан билээ.
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев эмх замбараагүй байдал хяналтаас гарсан хотуудад хоёр долоо хоногийн турш Онц байдал зарлаад байна.