1992 оны энэ өдөр Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийг БНМАУ-ын АИХ-аар баталжээ. Тус хууль нь Монгол Улсын 4 дэх Үндсэн хууль бөгөөд ардчилсан үзэл баримтлалаар бичигдсэн Монгол Улсын анхны Үндсэн хууль байв.
Өнөөдөр /2022.01.13/ Үндсэн хуулийн өдрөөр буюу Ардчилсан Үндсэн хуулиа баталсны 30 жилийн ойн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар МУИС-ийн ХЗС-ийг түшиглэн байгуулж буй “Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн”-ийн нээлт боллоо.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр оролцож зарлигаа гардуулан, МУИС-ийн Номын санд байрлаж буй “Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн”-тэй танилцав.
Монгол Улсын Ерөнхийлөгч нээлтийн ёслолд оролцож хэлсэн үгэндээ эрдэмтэн, судлаачид, тэдгээрийн бүтээлүүд хөгжил дэвшил, үндэсний эв нэгдлийг хангах бодлогын суурь болж, иргэдэд Үндсэн хуулийн боловсрол олгох, соён гэгээрүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн нь МУИС-ийн номын санд байрлаж, Үндсэн хуулийн эрх зүйн суурь, хавсарга, бодлогын, салбарын болон салбар дундын судалгаа, сургалт, сурталчилгааны ажил явуулах бөгөөд тус хүрээлэнгийн захирлаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, доктор О.Мөнхсайхан ажиллах юм.
Ардчилсан Үндсэн хуулиа баталсны 30 жилийн баярын мэндийг дэвшүүлье!