Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын Тогооч нарын холбооны Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлтэй хамтран Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажилтан, ажиллагсдын анхдугаар зөвлөгөөнийг Залуучууд театрын дугуй зааланд зохион явууллаа. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга С.Насанбат, Засаг даргын үйлдвэрлэл, дэд бүтэц, хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд, Монголын тогооч нарын холбооны Ерөнхийлөгч М.Баасандорж болон хэлтсийн дарга нар оролцсон юм. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт мөрдөгдөж буй хууль, эрх зүйн актын хэрэгжилтийг сайжруулах, хүнсний түүх эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангуулах, шинэ технологи, арга ажиллагаа, чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гол зорилготой ажээ. Манай аймагт 266 хоол үйлдвэрлэлийн газарт нийт 350 гаруй тогооч байдаг. Эдгээр тогоочнарын хувьд хэд хэдэн асуудал тулгамдсан хэвээр байна. Үүнд ур чадвараа нэмэгдүүлэх, хууль эрх зүйн актын хэрэгжилтийг сайжруулах, сургууль, цэцэрлэгийн тогооч нарын орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа ажээ. Улсын хэмжээнд Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажилтан, ажиллагсдын анхдугаар зөвлөгөөнийг хийж байгаа бөгөөд өнөөдөр манай аймагт уг зөвлөгөөн боллоо. Эндээс гарсан санал санаачлага бүрийг Монголын Тогооч нарын холбоон дээр нэгтгэн дээд шатны байгууллагуудад хүргүүлж асуудлыг шийдвэрлүүлэх ажээ.