Олон улсын ахмадын баярын өдөр өчигдөр тохиолоо. Одон медалиа гялалзуулсан өндөр настнууд жилд ганцхан тохиодог баяраараа мишээл тодруулан уулзах нь сайхан харагдаж байв. Эх орныхоо төлөө ажил амьдралаа зориулсан тэдэнд баяр хүргэх хүн олон. Мөн энэ өдөр олон нийтийн цахим сүлжээнд Ахмадын баярын мэндчилгээ хөвөрсөн юм. Тэр дундаас соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Р.Анхнямын фэйсбүүктээ бичсэн сэтгэгдлийг онцлон хүргэж байна. Тэрбээр \”Хүний орчлонд ширгэшгүй ундаргатай ганцхан зүйл бол аав ээжийн хайр. Тэд биднийг олдсон өдрөөс эхлэн эцсийн амьсгалаа хураатал хайрласаар л байдаг. Дараа нь тэнгэрийн орноос ч гэсэн харж, хайрлаж ивээдэг. Ээж аавтайгаа байгаа хүмүүс хамгийн аз жаргалтай. Тэднийгээ хайрлаж, чанасан цай, сэтгэл гаргаж хийсэн хоолыг нь идэж, цаг зав гаргаж яриаг нь сонсч, тэврүүлээрэй. Энэ орчлон аливаа зүйлийг цаг хугацаатай өгдөг. Өгснөө буцаагаад авдгийг заримдаа мартаад өдөр хоногийг санд мэнд өнгөрүүлэх юм даа” хэмээжээ.