Алтанбулаг-Сүхбаатар -Дархан-Уул аймаг чиглэлийн олон улсын чанартай А0402, А0403 дугаартай замд цас ихээр орж, халтиргаа гулгаа үүсжээ.
Иймд жолооч нарыг хурдаа тохируулж, аюулгүй байдлаа ханган замын хөдөлгөөнд оролцохыг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас зөвлөв.
Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр өнөөдөр Говь-Алтайн нутаг, Ховд, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Өнөө шөнө нутгийн зүүн өмнөд хэсгээр, маргааш өдөр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхаарууллаа.
2022 оны гуравдугаар сарын 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 16-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд нутгийн баруун хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
Бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.