“Эм Эм Ар Ай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсайхан “Хууль бусаар сонгон шалгаруулалтгүй олгосон 106 лицензийн хэрэг шүүхээр 2013 онд тухайн үеийн Ашигт малтмалын газрын дарга болон хэд хэдэн хүн шүүхээс шийтгүүлсэн байдаг.
Манай компани тухайн үед хайгуулийн гурван тусгай зөвшөөрөл, ашигт малтмалын ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулж байгаад шүүхийн шийдвэрээр цуцлагдсан. Бид Монгол Улсын хууль шүүхийн шийдвэрийг хүндэтгэлтэйгээр хүлээж авсан. Үүнээс хойш нэг жилийн дараа Засгийн газраас тогтоол гаргаж, албан тушаалтнуудын буруугаас болж тусгай зөвшөөрөл авч хохирсон хүмүүсийн хохирлыг хэрхэн барагдуулах вэ гэж 108 тусгай зөвшөөрөлд сонгон шалгаруулалт явуулах тусгай журам гаргасан. Журмын дагуу сонгон шалгаруулалт орж, хайгуулын гурван тусгай зөвшөөрлөө сэргээж авсан. Харин дөрвөн тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалт оруулахгүйгээр долоон жилийн хугацаа өнгөрч байна. Бид хүлээцтэй хандаж байгаа. Бид сонгон шалгаруулалтын ажилд бэлтгэх явцдаа хэд хэдэн тусгай зөвшөөрөл цуцлагдахгүйгээр өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байгааг олж мэдсэн.
Тодруулбал, 15192 тусгай зөвшөөрөл УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий компани руу хэсэгчлэн шилжсэн. Энэ нь цуцлагдаагүй. Ингээд ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, одоог хүртэл олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа.
Өмнө нь хэлсэнчлэн Баянгол дүүргийн шүүхийн 70 дугаар шийдэх тогтоолоор нэр бүхий хүмүүст ял оноосон. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоол дээр тогтоох хэсгийн 9-д зааснаар 15177, 15178 тусгай зөвшөөрлийг 2009 онд захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон байсан. Энэ нь Өсөх зоос компани буюу УИХ-ын гишүүн Ч.Ундрамын шууд хамаарал бүхий компанийн мэдэлд байдаг. Уг тусгай зөвшөөрлүүд тухайн үед цуцлагдсан байсныг дурдсан байсан учраас 106 тусгай зөвшөөрлийг цуцлагдсан.
Гэтэл “Өсөх зоос” компани ашиглалтын тусгай зөвшөөрөл авч одоог хүртэл нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа” гэж мэдээллээ.