Хятадын нийслэл Бээжин хотод коронавирусийн халдвар дахин дэгдэж, хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгасан байна. South China Morning Post сонины мэдээлснээр, халдварын тархалтыг хумих зорилгоор хязгаарлалтуудыг чангатгах хүрээнд зоогийн газруудаар үйлчлүүлэхийг хориглосон байна.
Хэвлэлүүдийн мэдээлснээр, тавдугаар сарын 1-4-ний өдрүүдэд Бээжин хотын зоогийн газрууд иргэдэд танхимаар үйлчлэхгүй, гагцхүү хоол хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх аж. Түүнчлэн тавдугаар сарын тавны өдрөөс эхлэн бүх төрлийн олон нийтийн газар, нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ иргэд коронавирусийн шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагыг тавьжээ.
Мөн спортын арга хэмжээ, бүлгээр зорчих зэрэг тохиолдолд иргэд 48 цагийн дотор хийлгэсэн коронавирусийн шинжилгээний сөрөг хариу болон дархлаажуулалтад бүрэн хамрагдсан тодорхойлолттой байх ёстой гэнэ.
Энэ улсын эрх баригчид “тэг ковид” зарчим баримталж байгаа тул хүн амтай нь харьцуулахад тун цөөн тохиолдол бүртгэгдсэн ч хязгаарлалтын арга хэмжээгээ чангатгаж байгаа юм. Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр гэхэд л, нэг тэрбум гаруй хүнтэй Хятадад нийтдээ 916 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 788 тохиолдол нь 26 сая хүн амтай Шанхай хотод бүртгэгджээ.