Умард Солонгосын эрх баригчид хүн амынх нь дунд тархсан коронавирусийн халдварын дэгдэлттэй тэмцэж эхлээд хоёр сарын хугацаа өнгөрөх гэж байгаа.
Тэгвэл үүнээс гадна гэдэсний үл мэдэгдэх өвчний халдвар иргэдийн дунд бас дэгдсэн тухай өчигдөр Пёньяны төв хэвлэл мэдээлжээ.
Уг өвчний голомт болоод байгаа Хэжү хот руу эмч мэргэжилтнүүдийн багийг илгээснээ Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өчигдөр ярьсан байна.
Анагаах ухааны мэргэжилтнүүд шинэ өвчнийг хижиг, эсвэл холер байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлж байгаа ажээ.
Үл мэдэгдэх өвчнөөр хэдэн хүн өвчилсөн, өвчтөнүүдийн биеийн байдал ямар байгаа талаар мэдээндээ дурдаагүй байна.
Дэлхийн ихэнх улс орнуудад цар тахал төгсгөлийн шатандаа орж байхад дөрөвдүгээр сарын сүүлээр Умард Солонгост коронавирусийн халдварын анхны тохиолдлууд бүртгэгдэж эхэлсэн юм.
Өчигдрийн байдлаар халдварын 26,010 шинэ тохиолдол 24 цагийн хугацаанд нэмэгдэж, нийт өвчлөгчдийн тоо 4.56 саяд хүрсэн байна.
Коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоог Пёньян 76 гэж зарлаж байгаа. Гэхдээ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон бусад олон улсын байгууллагууд үүнийг нэлээд дарсан тоо гэж үзэж байна.
“Удирдагч Ким тархалтыг аль болох эрт таслан зогсоохын тулд сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлах арга хэмжээг сайтар авч хэрэгжүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэй оношилгооны үндсэн дээр өвчнийг богино хугацаанд зогсоох шаардлагатайг онцлон тэмдэглэв” гэж Солонгосын Төв Мэдээний Агентлаг мэдээлжээ.
Эх сурвалж: BBC