2022 оны хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгө иргэдэд хүлээлт үүсгээд байна. Энэ талаар Татварын Ерөнхий Газрын зөвлөгөө, мэдээлэл өгөх лавлах утсаар холбогдож тодруулахад “НӨАТ-ын буцаалтыг хуулиараа 45 хоногийн дотор олгодог. Долдугаар сарын 29-нөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ гэсэн мэдээлэл байна” гэв.
Энэ оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө системд бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас мэдээлж байв.
НӨАТ-ын буцаалтыг олгох журмаас:
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай тул энэ сардаа багтаан олгох бололтой.
Нэгдүгээр улиралд 1,136,755 иргэнд 57.5 тэрбум төгрөгийг буцаан олгосон. Эдгээр иргэдийн 39.9% нь 20,000 хүртэлх төгрөгийн урамшуулал авч байв.