Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өнгөрсөн жил Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байх үедээ оролцсон олон улсын хурлын үеэр төрийн албан хаагчидтай холбоотой илэрхийлсэн байр суурь шүүмжлэл дагуулах болсон. Тэрбээр уг үйлдэлдээ уучлалт гуйж, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаагаа мэдэгдлээ.
Б.Болор-Эрдэнэ “NextGen Government буюу шинэ үе хуучин системтэйгээ нүүр тулж, зөрчилдөж байгаа нь үнэн. Өөрчлөлт өвдөлтгүйгээр ирдэггүй гэдгийг ч ойлгож байгаа.
Миний хувьд салбарынхаа болон олон хүний дэмжлэг, оролцоотойгоор И-Монголиаг хийх гэж, агентлагаа яам болгох гэж, салбараа томруулах гэж энэ хугацаанд бүх хүчээ зарцууллаа. Ингэхдээ алдаа оноо гаргасанд та бүхнээсээ уучлалт хүсье.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамт олон минь, Цахим хөгжлийн яамны хамт олон, И-Монголиагийн хамт олондоо чин сэтгэлээсээ баярлалаа. Бид хамтын зорилгодоо нэгдэж үнэхээр их хөдөлмөрлөсний үр дүнд өнөөдөр цахим шилжилт ид хийгдэж байна.
Мөнгө, ашиг сонирхол, эрх мэдэл байхад хэнийг ч зохион байгуулалттайгаар яллаж болдог юм байна. Энэ систем дотор албан тушаалдаа хорогдоод үлдвэл дасаж, бугшсан системийн нэг хэсэг болохоос өөр аргагүй.
Гэхдээ энэ хуучин системийн завхрал оршсоор байгаа үед Та бидний хүсээд байгаа өөрчлөлт хэзээ ч хийгдэхгүй. Ганц дайчин ганцаардахгүй биш ганцаарддаг гэдгийг мэдэрлээ.
Тиймээс би дэд сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө хүргүүлснээ мэдэгдэж байна. Гэхдээ энэ бугшсан 30 жилийн системд бууж өгч байгаа юм биш шүү. Харин ч тэмцэнэ. Тэмцэхдээ илүү эрх чөлөөтэй тэмцэнэ. Илүү олон залуучуудтай хамт тэмцэнэ.
Өөрчлөлт өнөөдөр биш гэхэд маргааш заавал ирнэ. Өөрчлөлтийг өөр хандлагатай шинэ үе авчрах л болно.
Миний хийж бүтээсэн ажлыг дэмжсээр ирсэн, шүүмжилсээр ирсэн Та бүхэнд баярлалаа” хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ.