Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Агаарын чанар, шахмал түлшний стандартын талаар холбогдох албаныхнаас тодруулав.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “Сайжруулсан шахмал түлшний баруун, зүүн үйлдвэрийн 11 шугамаар өдөрт 2000 тонн түлш үйлдвэрлэж байна. Чанарын хувьд PM 2.5 тоосонцор 2021 онд 112 мкг/м3 агууламжтай байсан бол энэ жил 65 мкг/м3 байна. PM 10 тоосонцор өнгөрсөн онд дунджаар 164 мкг/м3 байсан бол энэ онд 122 мкг/м3 болж багассан.
Хүхэрлэг хийн агууламж өнгөрсөн жил 142 мкг/м3 байсан, энэ жил 100 мкг/м3 байна. Өнөөдрөөс сайжруулсан түлшний борлуулалтын цэгийг 650 болгож нэмсэн. Мөн цаашид шаардлагатай цэгийг нэмэхээр төлөвлөж байна. Агаарын чанар өнгөрсөн жилтэй харьцуулахад сайжирсан” хэмээлээ.
Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Даваасүрэн “Манайхаас түлшний чанарт байнга хяналт тавьж байгаа. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жилийн сайжруулсан түлшний чийг, бат бөх чанар сайн, уугилт бага байна” гэсэн юм.