Эрхэм хүндэт Нийслэлчүүд ээ,
Та бүхэнд айлчлан ирж буй шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье.
Хувь хүн, айл өрх бүр улиран одогч онд хийж бүтээснээ дүгнэн хэлэлцэж, угтах ирээдүйг зөгнөн бэлгэддэг шинэ жилийн баяр бол эргэцүүлэл, төсөөлөл, хүсэл мөрөөдөл, итгэл найдварын баяр билээ.
Бид иргэдийнхээ сонголтод хүндэтгэлтэй, хариуцлагатай хандан, \”Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрт тусгасан амлалт, ажил, арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна.
Үндсэн хуульд тунхагласнаар оршин суугч бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах ёстой. Бид бүгд тийм л хүсэл эрмэлзлэлтэй байдаг. Иймээс хот төлөвлөлт, хот байгуулалт нь бүхэлдээ уг хүсэл эрмэлзлэлийг хэрэгжүүлэхийн төлөө чиглэгдэх учиртай.
Улаанбаатар бол нэг сая 375 мянган хүн амтай саятан хот. Хэдийгээр бидний ажил мэргэжил, авъяас сонирхол, хувийн зорилго өөр ч та биднийг нэгэн хүсэл мөрөөдөл нэгтгэдэг. Тэр нь амар тайван, ая тухтай хотод аз жаргалтай амьдрах юм. Тиймээс хамгийн түрүүнд хотын оршин суугч бүрийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэх нь хамгаас чухал бөгөөд хотын удирдлагын гаргасан, гаргах бүх шийдвэр, хийсэн болон цаашид хийх ажлууд ч иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хангахад чиглэнэ. Аз жаргалтай хотыг бий болгох зорилгод та бүхний тусламж, дэмжлэг хамгаас чухал. Бид бүхэн нэгдэж чадвал энэ зорилтыг ажил болгож, сайхан хотыг бүтээж чадна.
Угтан авч буй шинэ он Эрхэмсэг танд энх мэнд, урам зориг, амжилт бүтээл, аз жаргалын дээдийг бэлэглэх болтугай.