Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Лхагва гарагт болох хуралдаанд оруулж ир гэсэн үүрэг даалгаврыг Ерөнхий сайд өгсөн.
Тодруулбал Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл/ҮАБЗ/-өөс аж ахуйн ахуйн зориулалттай гэрээ, хэлцэл байгуулах талаар зөвлөмж гаргахыг хориглосон зохицуулалтыг хуулийн төсөлд оруулахаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажлын хэсэг дөнгөж сая байгуулагдаж байна. Энэ нь том агуулгатай өөрчлөлт биш.
Цаашид ҮАБЗ-ийн зөвлөмжөөр аж ахуйн шинжтэй гэрээ, хэлцэл байгуулахыг Засгийн газарт даалгасан зөвлөмж гаргахгүй байхаар хуульчлах юм. Үүнийг дагаад Төрийн болон албаны нууцын тухай хуульд давхар өөрчлөлт орно. Энэ төрлийн бичиг баримтыг төрийн нууцад авахгүй байхаар өөрчлөлтийг оруулна” гэв.
Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдаж байна. Бүлгийн хурлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан тодорхой төрлийн гэмт хэргүүдийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй байх, хэрэгт шалгагдаж байгаа хүмүүстэй ял тохиролцож, торгууль оногдуулдаггүй болох зохицуулалтыг яаралтай хэлэлцэн батлахаар ярьж байна хэмээн мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар ҮАБЗ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын гурван гишүүнтэй бөгөөд зөвлөлийн тэргүүн нь Ерөнхийлөгч байдаг.