Оршин суугч Сууц Өмчлөгчдийн Холбоо (СӨХ)-ны төлбөрөө зургаан сараас дээш хугацаагаар төлөөгүй бол Монголбанкны хар жагсаалтад оруулах хүсэлтээ СӨХ-ны дээд зөвлөлд гаргана гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарч буй.
СӨХ-ны хуулийн төсөлд ийм заалт байгаа эсэх талаар Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ тодруулахад “Манай хуулийн төсөл дээр тийм заалт байхгүй. Ажлын хэсэг байгуулагдаад дөнгөж ажил эхэлж байна. Өнөөдөр тулгарч буй бүх асуудлаа судлаад төслийг боловсруулах ажил эхэлж байгаа юм.
Эхний төслөө боловсруулж гаргаад олон нийтэд танилцуулна. Хуулийн төсөл боловсруулах ажилд оршин суугчид, СӨХ-дыг өргөн хамруулж, тэдний саналыг сонсоно. Одоогоор ийм, тийм заалт оруулсан гэж хэлэх боломжгүй. Дээр дурдсан мэдээлэл манай төсөлд байхгүй” хэмээх хариултыг өгөв.