Монголчууд бид буруу зөрүү ярьж, баруун солгой ойлгодог маш олон зүйлс байна аа. Энэ нь бас бидний хөгжлийг их саах юм.
Жишээ нь энэ 1-р ангиас англи хэл заах тухай асуудал дээр гарч ирж байна.
1-р ангид орж буй хүүхэд бол Монгол Хэл бүрэн сурсан, эх хэлээ 6-7 жил сурсан хүүхэд юм. Монголоор боддог, монголоор чөлөөтэй ярьж ойлголцдог, монголоор зүүдэлдэг ийм хүүхэд юм шүү.
Зарим хүмүүс 1-р анги, эсвэл 3-р ангиас нь ч юм уу англи хэл заачихвал хүүхэд эх хэлээ мэдэхээ болино гэж буруу хазгай цуурах юм. Тэр тухайн тохиолдол магад өөр шалтгаантай байсан байж таараа.
1-р ангид манай боловсорлын систем Дамдинсүрэн гэж хүний зохиосон, гаднаас хуулсан Кирил бичгийн дүрэм л заадаг юм. Гол нь энэ бичгийн хичээлээ буруу хазгай хүмүүс Монгол Хэл гэж нэрлэсэн нь төөрөгдөл үүсгэх юм.
Энэ Кирил бичгийн дүрмийн хичээл үнэхээр залхуутай, зовлонтой гэдгийг бид хэдэн арван жил харж мэдэрсэн шүү дээ. Энэ хичээлийн заах арга барил дээрээ нэг эргэж харах цаг болсоон. Хамгийн дургүй хичээл энэ Кирил дүрмийн хичээл л байдаг байсан.
Хэрэв Кирил бичгийн дүрмийн хичээлийг Монгол Хэлний хичээл гэж андуурч байгаа юм бол Чингис хаан маань Монгол Хэл огт мэдэхгүй явсаар насыг барсан болж таарлаа.
Гадны хүмүүс Монгол Хэл сурахад тогтсон сургалт алга гэж гомдоллож байхыг би сонссон. Өөрөөр хэлбэл Монгол Хэлийг заадаг олигтой сургалтын технологи угаасаа байдаггүй гэнэ лээ шүү.
За одоо 1-р ангийн хүүхэд хэл сурах боломжтой эсэх талаар яръя. 2015 онд шиг санаж байна. Монгол хүүхдийг монгол хүн болгох ёстой учраас 5-р анги хүртэл нь өөр гадаад хэл зааж болохгүй гэж тухайн үеийн боловсролын сайд нь хууль гаргаж байлаа. Би тэр үед эсэргүүцэж бичиж л байсан.
Дэлхийн Шинжлэх Ухаан нь хүүхэд аль болох эрт хоёрдогч хэлийг сурвал тархины ажиллагаа илүү сайжирч байна гэдгийг нотлоод тогтоочихоод байхад шүү дээ.
Гол асуудал бол одоо Англи хэл заах багш, заах арга зүй байгаа юу гэдгээ бодох ёстой. Дээрээс муйхар хууль баталдаг, доороо хэрэгжүүлэлтээ огт хардаггүй байдал УИХ дээр ноёлоод удсан.
Өөрөөр хэлбэл Англи Хэлээ зааж чадахгүй хүүхдүүдийг залхаах, мэдлэгээс айх айдастай болгох вий гэдгээ л УИХ-н гишүүд бодоцгоо. Өнөөгийн манай боловсорлын систем хүүхдүүдийг залхаах, мэдлэгээс айх айдастай болгодог нь нууц биш шүү дээ.
Өлзийбаярын Ганзориг