Мах, гурилын нөөцөд ШӨХТГ-аас шалгалт хийсэн талаар тус газрын дарга Н.Мандуул мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Мах, гурилын нөөц бүрдүүлэхээр өнгөрсөн онд 90 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон байтал нөөц бүрдүүлэх схем нь нийлүүлэлтийн хомсдолыг арилгах үндсэн зорилгодоо хүрч чадахгүй байна гэж дүгнэлээ. Үүнд хувийн хэвшлийн ААН-ийг буруутгахаас илүүтэйгээр төрөөс зохион байгуулж байгаа ажил болохгүй байна гэж үзэх хэрэгтэй. Үр дүнгүй ажлуудыг одооноос цэгцлэх ёстой.
Тухайлбал махны нөөц бүрдүүлэх үйл ажиллагааны хувьд зохион байгуулалтын уялдаа холбоо сул. Яам, нийслэлийн байгууллагууд хоорондоо уялдаа муутай байна. Хөнгөлөлттэй зээлийг оройтож олгосноос махны нөөц хугацаандаа бүрдэж чадаагүй байна. Ингэснээр хаврын махны хомсдолоос сэргийлж чадаагүй байна.
Өнгөрсөн жилүүдэд 12-15 мянган тонн мах нөөцөлдөг байсан бол энэ жил 7.7 мянган тонн мах нөөцөлсөн. Үүнээс 3.2 мянган тонн мах зах зээлд нийлүүлэгдсэн нь хомсдол үүсэх нөхцөл болсон нь харагдаж байна” гэв.