Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж 10 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Энэ үеэр үерийн улмаас эвдэрсэн гүүрэн байгууламжуудыг сэргээн засварлахад Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргахаар болжээ.
Тодруулбал Цаг агаарын аюулт үзэгдэл, үерийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох чиглэлээр Баян-Өлгий, Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос Улсын онцгой комисст ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргахыг Сангийн сайд Б.Жавхланд зөвшөөрсөн байна.
Хараа голын дээгүүр 150 метрийн урттай гүүр барих төсвийг шийдвэрлэжээ
Баян-Өлгий аймгийн хэмжээнд зургаадугаар сарын 10-12-ны өдрүүдэд цаг агаарын хэт халалтын улмаас уулархаг бүсийн цас ихээр хайлж Ховд, Сагсай, Булган, Буянт, Турган, Чихэртэй, Ганц мод, Цагаан гол, Согоог, Хар бутны зэрэг голын усны түвшин эрс нэмэгдэж, үерийн аюултай түвшинд хүрсэн.
Үүний улмаас модон долоо, төмөр бетон нэг гүүр үерт өртөж, дахин ашиглах боломжгүй болжээ. Иймд уг гүүрнүүдийг сэргээн засварлахад Засгийн гарын нөөц сангаас хөрөнгө гаргахаар болсон байна. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Хараа голын дээгүүр 150 метрийн урттай гүүр барих төсвийг шийдвэрлэжээ.
Нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас “Сэлбэ” голын далан зарим газраараа сэтэрч, яаралтай сэргээн засварлах ажил үргэлжилж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цаг агаарын мэдээллийг цаг тухай бүрд нь олон нийтэд өгч, болзошгүй аюул, эрсдэлээс сэргийлж ажиллахыг Улсын онцгой комисст үүрэг болгосон байна.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар