Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсын Дэд ерөнхийлөгч Камала Харрисын урилгаар Америкийн Нэгдсэн Улсад энэ оны наймдугаар сарын 2-6-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд ерөнхийлөгч К.Харристай албан ёсны хэлэлцээ хийж, тус улсын Засаг захиргааны өндөр албан тушаалтнуудтай уулзах юм.
Мөн АНУ-ын Сансар судлал ба сансрын удирдлагын газар, Олон улсын хөгжлийн агентлаг, Олон улсын хөгжлийн санхүүжилтийн корпорацад зочлохоор төлөвлөжээ.
Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод чухал байр суурь эзэлдэг АНУ-тай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудаар санал солилцох аж. Мөн хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулна.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс