Азербайжаны Баку хотноо болж буй Буудлага спортын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд 101 орны 1,249 тамирчин өрсөлдөж байна.
Тус тэмцээнд цэц мэргэнээ сорьж байгаа Олон Улсын Хэмжээний Мастер(ОУХМ) О.Есүгэн 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд “Парис-2024” олимпын Монголын багийн анхны эрхийг авчээ.
Манай тамирчин 587 оноогоор 11 дүгээр байрт бичигдсэн байна. Олимпын төрлийн дасгал бүрийн эхний дөрвөн байрт орсон тамирчин эрхээ авах байв. Харин түүний өмнө орсон тамирчдын ихэнх нь эрхээ нэгэнт халаасалсан байсан тул тэрбээр байр огшсоор олимпын эрхийн жагсаалтын гуравт бичигдсэн юм.
О.Есүгэн өмнө нь “Токио-2020” олимпод мөн цэц сорьж байсан билээ.
ОУХМ Н.Баяраагийн хувьд олимпын эрхээс атгаад алдлаа. 10 м-ийн хийн урт бууны дасгалд өрсөлдсөн тэрбээр 630.6 оноогоор улсын дээд амжилтын шинэчлэн тавдугаар байраар шигшээд шалгарсан. Гэвч финалын буудлагыг энэ байраараа өндөрлүүлж, олимпын эрхээс 1.4 оноо дутсан юм.
Өдгөө манайхны оролцох олимпын эрхийн дасгалууд дуусаад байна. Харин аравдугаар сард БНСУ-д болох Азийн АШТ, ирэх оны нэгдүгээр сард Индонезод болох Азийн АШТ-ээс эрхээ авах боломжтой. Эдгээр хоёр тэмцээний олимпын эрхийн дасгалын эхний хоёрт орсон тамирчид Парисын олимпыг зорих эрхтэй болох юм.
Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо