УИХ-ын гишүүн
О.Баасанхүү Засгийн газрын гишүүнийг, тодруулбал Засгийн газрын Хэрэг эрхлэх
газрын дарга С.Баярцогтыг тун хангалтгүй ажилласан хэмээн огцруулах бичгийг
УИХ-ын даргад өргөн барьсан. Гэвч бичиг өргөн баригдаад хоёр ч хоноогүй байхад
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц \”УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг
огцруулах бичиг өргөн барих нь хууль зөрчиж байна” гэсэн шийдвэрийг гаргах нь
тэр.
Хэтэрхий хурдтай
ажилласан Үндсэн хуулийн цэцийн уг шийдвэрт зөрчил бий хэмээн иргэд, улс төрчид
өнөөдөр ч хардсаар байгаа. Харин хардлагыг батлах мэт нэгэн мэдээлэл цацагдсан
нь С.Баярцогт сайдын эзгүйд Сангийн яамыг түр хугацаагаар удирдаж байхдаа Цэц
рүү 330 сая төгрөг шилжүүлсэн явдал байв. Ойн арга хэмжээ тэмдэглэх хүрээнд
төсөвлөгдсөн хөрөнгө хэмээн нэрлэж байгаа ч С.Баярцогт яагаад яаран энэ
хөрөнгийг шилжүүлэв гээд хардлагыг улам л лавшруулах болоод байна.
Даанч С.Баярцогт
энэ үеэр гадаадад томилолттой байсан. Ер нь түүний талаар ямар нэгэн асуудал
гарах бүр тэрээр томилолттой байж таардаг. Харин цэц түүнийг хамгаалж, Засгийн
газрын гишүүнийг сугалж огцруулах нь үндсэн хууль зөрчиж байна гэсэн дүгнэлт
гаргасан юм.
Тэгвэл УИХ-аас
Ц.Нямдорж тэргүүтэй, Г.Уянга, Д.Ганбат нарын хамтарсан ажлын хэсэг гарч цэцийн
дүгнэлт, 330 сая асуудал, О.Баасанхүү гишүүний огцруулах санал зэргийг
судалжээ. Улмаар дүгнэлтээ УИХ-ын даргад танилцуулсан байна.
Ингэхдээ Үндсэн
хуулийн цэцийн даргад Лексус 570 автомашин авч өгсөн гэх шинэ нотлох баримт
гарч ирэв. Харин цэцийн даргад автомашин авч өгөх ажлыг Засгийн газрын Хэрэг
эрхлэх газар гардан зохион байгуулжээ гэдгийг ажлын хэсэг дүгнэлтээ дурьдсан
байна. Мөн магадгүй энэ нь цэц шийдвэр гаргахад нөлөө үзүүлсэн байж болзошгүй
хэмээн дурьджээ.
Цэц С.Баярцогтод хайр зарлах болсон шалтгаан нь 330 саяаас гадна автомашин ч байж болзошгүй боллоо.
Автомашины хөрөнгийг ч маш шуурхай шийдвэрлэж өгсөн нь ажлын хэсгийн дүгнэлтэд
тодорхой бичигдсэн байна. Одоогоор ажлын хэсэг дүгнэлтээ УИХ-ын даргад өргөн
бариад байна. Үүний дараа асуудал хэрхэн шийдвэрлэгдэх нь тодорхой болох биз.
Ямартай ч ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Сангийн сайдыг түр орлох хугацаандаа
ҮХЦ-ийн даргад автомашин авч өгөх ажлыг яаравчилсны хүчинд, түүнийг огцруулах
асуудал хууль зөрчсөн байна гэдэг шийдвэрийг цэц хурдан хугацаанд гаргажээ гэж
дээрх баримтуудаас ойлгомж болохоор байна.
Амар