ШШГЕГ-ын харьяа 461-р ангид хоригдож буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн биеийн байдалтай холбоотой асуудлаар ШШГЕГ-аас мэдээлэл хийлээ.
Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга Х.Нэргүй: Өнөөдрийн байдлаар цагдан хорих 461-р ангид 800 гаруй хүн хоригдож байна. Эдгээр хүмүүс бүгд нэг гал тогоотой. Нэг гал тогооноос хоол, хүнсээ хэрэглэдэг учир эдгээр хүмүүстэй холбоотой асуудал учир олон нийтэд мэдээлэл өгөх нь зүйтэй.
Ерөнхий эмч: Б.Ганхуяг нь 2022 оны 12 дугаар сарын 7-нд цагдан хоригдсон. Тухайн үед биеийн байдлыг нь үзсэн жижүүр эмчийн үзлэгээр амин үзүүлэлтүүд нь хэвийн, тогтвортой, хоёр хөлний шилбэнд хуучин харшлын сорвитой гэж дүгнэлт гарсан. Тэрбээр хоригдсон цагаасаа хойш эмчийн үзлэгт байнгын хяналтад байсан. Мөн эмнэлэгт 3 удаа хэвтэн эмчлүүлсэн. Шинжилгээнд 6 удаа хамрагдсан. Одооогоор эмгэг өөрчлөлт илэрсэн зүйл байхгүй.
Өнөөдрийн байдлаар Б.Ганхуягийн биед ямар нэг зовиургүй, хордлогын шинж тэмдэг илрээгүй. Аравдугаар сард Арьс судлалын зөвлөх эмчийг авчирч биеийн байдлыг нь үзүүлсэн. Эдийн шинжилгээгээр энгийн хайрст үлд гэдэг онош тогтоогдсон” гэв.