УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын өргөн барьсан тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг болов.
Энэ үеэр 1,072 хувьцааны ногдол ашиг хуваарилахтай холбоотой мэдээллийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт өгөв.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт:
-Компанийн тухай хуульд гурван заалтаар ногдол ашиг хуваарилах асуудлыг зохицуулж өгсөн. Санхүүгийн жил дууссанаас 50 хоногийн хугацаанд ТУЗ хуралдаж ногдол ашиг хуваарилах шийдвэрийг гаргана.
2023 оны аудитлагдсан санхүүгийн тайлан эцэслэгдээгүй байгаа учраас ногдол ашиг хуваарилах тоо гараагүй. Гэхдээ 2-3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллах байх. Үүний тодорхой хувийг хувьцааны хэлбэрт шилжүүлбэл нэг хүнд 200 мянга орчим төгрөг хуваарилагдах болов уу.
Компанийн тухай хуулийн 47.1.1-д ногдол ашиг төлсний дараа компани төлбөрийн чадвартай байх гэсэн заалт бий.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 4.6 их наяд төгрөгийн хуримтлагдсан өртэй. Үүнд “Тавантолгой Төмөр зам” ХХК-д 2.1 их наяд, “Тавантолгой Түлш” ХХК-д нэг их наяд, “Монголын төмөр зам” ХХК-д 1.3 их наяд, Эрчим хүчний Шивээ-Овоо болон Багануурт тус бүр 10 орчим тэрбум төгрөгийн өр үүссэн.
Хэрэв ногдол ашиг их хэмжээгээр хуваарилах шийдвэр ТУЗ гаргавал “Эрдэнэс Тавантолгой” ХК дампуурна гэв.