Засгийн Газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар цаг уурын урьдчилсан мэдээ, мэдээллийг нарийвчилж гаргадаг радарын системийн өргөтгөлийг хийхтэй холбоотой хоёр тоног төхөөрөмж, станц байгуулах хөрөнгө мөнгийг шийдвэрлэсэн байна.
Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Г.Оюунжаргал “Радар их бороо, цасыг урьдчилан илрүүлдэг. Гэтэл энэ төхөөрөмж зөвхөн Улаанбаатарт хоёрхон байдаг. Иймд улсынхаа бүх иргэдийг цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлүүлэхийн тулд монгол улсыг хамарсан сүлжээтэй болох шаардлагатай байгаа.
Өнгөрсөн зуны үер ахиад болохгүй гэсэн баталгаа байхгүй” гэв.
Цаг агаар гэнэт дулаарч, хүйтэрч байгаатай холбоотой зургаан аймгийн 23 сум төмөр болон шилэн зудын нөхцөл байдалтай байгаа аж.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, зарим газраар 14, 15 хүртэл нэмэх градустай болсон байгаа нь төмөр зудын нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ гэдгийг цаг уурын байгууллагаас мэдээлэв.
Өнөө шөнө Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Булганаар цасаар шуурч төвийн нутаг руугаа орж ирнэ.
Маргааш өдөртөө Булганы өмнөд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн зүүн болон өмнөд хэсэг, Дундговийн нутаг тэр чигтээ, Дорноговийн хойд, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдах тул эдгээр бүс нутаг руу зорчихгүй байхыг анхаарууллаа.