Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн урилгаар манай улсад айлчилж буй БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ваньцюань өчигдөр дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бараалхлаа.
Өнгөрсөн онд БНХАУ-ын дарга Си Жинпинь Монгол Улсад айлчлах үеэрээ хоёр улсын хамтын ажиллагаа стратегийн шинэ түвшинд гарсныг цохон тэмдэглэсэн. Энэ удаагийн таны айлчлал хоёр улсын хамтын ажиллагаа, Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд шинэ хуудас нэмнэ гэдэгт итгэж байна. 2013 онд \”Цэрэг, техникийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан нь энэ салбарын харилцааг шинэ шатанд гаргасан үйл явдал болсон” гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд онцоллоо.
Цаашид батлан хамгаалах салбарт хөдөлгөөнт маневрлах чадавхийг бэхжүүлэх, гамшиг, ослын уршгийг арилгах, авран хамгаалах, хүмүүнлэгийн чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх сонирхолтой байна. Бид Батлан хамгаалах салбараас гадна эдийн засаг, соёл боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд хүмүүнлэг, спорт, тэр дундаа цэргийн спортын салбарт хамтын ажиллагааг дэмжин ажиллах хүсэлтэй байна.
БНХАУ-ын зүгээс Зүүн хойд Азийн орнуудын хамтын ажиллагаа, аюулгүй байдал, мөн ирэх жил Монгол Улсад болох АСЕАМ-ын чуулганы бэлтгэл ажилд биднийг дэмжиж байгаад талархал илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд хоёр орны батлан хамгаалах салбарын асуудалд онцгойлон ач холбогдол өгч хүлээн авч уулзаж байгаад БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ваньцюань талархлаа илэрхийлээд хоёр орны хамтын ажиллагаа өдрөөс өдөрт сайжирч эдийн засаг, хүмүүнлэг, томоохон төсөл хөтөлбөрүүдэд хамтарч байна. Тэр дундаа батлан хамгаалах салбарт энхийг сахиулах, терроризмын эсрэг тэмцэх, боловсон хүчний болон цэргийн хамтарсан сургалтыг амжилттай зохион байгуулж байна.. Цаашид хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой ярилцсан асуудлыг Ерөнхий сайдын зүгээс дэмжиж ажиллахыг хүсч байна. Уламжлалт найрсаг харилцааг улам гүнзгийрүүлж шинэ шатанд гаргахын төлөө ажиллах болно” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.