Өнгөрсөн жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд М.Бадарчид өвдөг шороодсон нэр бүхий бөхчүүдэд Улсын цол, чимгийг нөхөн олгох ёслол Төрийн ордны “Хүндэтгэлийн өргөө”-нд өнөөдөр 10:00 цагт болно.
Үндэсний их баяр наадамд Улсын гарьд цолтой барилдаж түрүүлсэн М.Бадарч допингийн шинжилгээнд бүдэрсэн тул түүнд өвдөг шороодсон бөхчүүдэд цол, тэмдэг, чимгийг нөхөн олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан юм.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд зааснаар Баяр наадам зохион байгуулах үндэсний хорооны дарга, Шадар сайд С.Амарсайхан тавын даваанаас эхлэн М.Бадарчид унасан таван бөхөд цол, чимгийг гардуулна. Ингэснээр бөхчүүд энэ жилийн баяр наадамд шинэ цолтойгоор зодоглох юм.
М.Бадарчид өвдөг шороодож, үзүүрлэсэн Ц.Бямба-Отгон 2023 оны баяр наадамд улсын харцага цолтой зодоглож, улсын гарьд цол авсан. Түүнийг өнгөрсөн жилийн баяр наадмын түрүү бөхөөр зарлаж, улсын арслан цол олгох юм байна.