Төрийн байгууллагын ажлыг хувиараа хийдэг мэтээр итгүүлж залилах гэмт хэрэг үйлдэж буйг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Энэ талаар ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мягмарсүх “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээхэд тухайн жолооч энэ төрлийн үйл ажиллагаа явуулж буй 65 төрийн бус байгууллагын төлбөртэй сургалтад хамрагдах ёстой. Ингээд сургалтад хамрагдсанаа нотлох баримтаа манай төв дээр авчирч өгснөөр эрх сэргэдэг.
Тиймээс иргэн, хувь хүн ямар нэг байдлаар эрх сэргээх, жолооны ангилал дарж өгөх ямар ч боломжгүйг анхааруулж байна. Залилах гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд энэ төрлийн зар, мэдээллийг тарааж буй этгээдүүдээс болгоомжлохыг санууллаа.