Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар \”Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Гудамж төслөөс хэрэгжүүлж байгаа хотын дэд төв төслийн хүрээнд нийслэлийн гудамж талбайн өнгө үзэмжийг сайжруулах, хотын иргэд болон гадаадын жуулчдад тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор \”Автомашингүй гудамж” бий болгон тохижуулахаар төлөвлөсөн бөгөөд нийслэлийн Засаг даргын зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрөөр ахлуулсан ажлыг хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулж хэд хэдэн судалгааны ажлыг эхлүүлсэн байна. Нийт 20 жилийн хугацаанд хотын төв болон гол гудамжуудыг автомашингүй гудамж болгон тохижуулан худалдаа үйлчилгээ, жуулчны гудамж болгохоор төлөвлөснөөс эхний ээлжинд Чингисийн талбайн ойролцоох 4 байршилд төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ.