2019 онд уран бүтээлч Маурицио Каттелан Майами хотод “Art Basel” үзэсгэлэнгийн танхимын хананд шинэхэн гадил жимсийг наалддаг туузаар тогтоож, урлагийн бүтээл болгон танилцуулсан нь тэр даруй хэрүүл шуугиан дэгдээж байлаа. Галерей нь тус бүтээлийг үзэхээр ирсэн хүмүүсийн хөлд дарагдсаны улмаас Маурицио Каттелан бүтээлээ буулгахаас өөр аргагүй болж, дараа нь цахим орчинд шүүмжлэл, наргианы гол сэдэв болж байв.
Алдартнууд энэ талаар пост бичиж, урлаг шүүмжлэгчид ч хошуу нэмэрлэж, эцэст нь нэг хүн тэрхүү гадилыг идэж орхисон юм. Хэдий тийм боловч хамгийн чухал нь урлагийн бүтээл цуглуулагчид тус бүтээлийг худалдаж авсан явдал байлаа.
“Comedian” хэмээх тэрхүү бүтээлийг анх гурван хувь гаргасан бөгөөд тухайн үедээ нэг бүрийг нь 120 мянгаас 150 мянган ам.доллароор үнэлж байжээ. Нэгийг нь Гуггенхеймийн музейд хандивласан бол үлдсэн хоёр нь цуглуулагчийн хувийн эзэмшилд очсон байна.
Тэгвэл таван жилийн дараа тэдгээрийн нэгийг дуудлага худалдаагаар, анхныхаасаа нэлээд өндөр үнийн саналаар олон нийтэд зарахаар болжээ. Дуудлага худалдааны зохион байгуулагчид тус бүтээл 1-1.5 сая ам.долларын үнэ хүрнэ гэж тооцоолж байгаа аж. “Sotheby’s” компани энэ сарын 20-ны өдөр дуудлага худалдааг явуулахаар товложээ.
Урлаг шүүмжлэгчдийн зүгээс “Comedian”-ийг энэ зууны хамгийн их яригдсан бүтээлүүдийн нэг мөн гэж хүлээн зөвшөөрч байгаа ч тогтоосон үнэ нь бол ямар ч үндэслэлгүй гэж үзэж байгаа аж.