Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн биелүүлсэн хэмээн мэдээллээ.
Тухайлбал, өвлийн улиралд улсын чанартай авто замын байнгын бэлэн байдлыг хангуулахаар нийт 50 шуурхай ажлын хэсэг байгуулан ажиллажээ.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.
Зам, тээврийн яамтай байгуулсан гэрээний дагуу энэ онд зам барилгын 21 төсөл, арга хэмжээнд техник технологийн хяналт тавин ажиллаж байна. Үүнээс 4 авто замын ажил бүрэн дуусаж, улсын ашиглалтад хүлээлгэн өгсөн.
Он дамжин хэрэгжиж буй авто замын гүйцэтгэгч байгууллагуудад тэмдэг тэмдэглэгээ тавих, түр зам гаргаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулан, хяналт тавьж ажиллаж байна.
Улсын чанартай авто зам, гүүрийн урсгал засварын ажлыг батлагдсан график, төлөвлөгөөний дагуу хийж, өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй. Мөн улсын хэмжээнд байгаа нийт 33 төлбөр авах цэгт шаардлагатай урсгал засвар, дулаалгын ажлыг бүрэн хийлээ.