Энэтхэгийн эрх баригчид дунд зайн тусгалтай, дуунаас хэт хурдан /гипер/ пуужинг амжилттай туршсанаа мэдэгджээ. Цөмийн зэвсэг бүхий тус улсын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх ням гарагт мэдэгдэхдээ, туршилт хийснийг “чухал бөгөөд түүхэн мөч” гэж тодрхойлсон байна.
Туршилтыг Бенгалийн буланд орших хүн ам суурьшаагүй Абдул Калам гэдэг арал дээр явуулсан гэж тэрбээр олон нийтийн Х сүлжээнд бичжээ. “Энэхүү чухал амжилтад хүрснээр манай улс дэвшилтэт цэргийн технологийг эзэмшдэг улс орнуудын эгнээнд нэгдлээ” гэж Энэтхэгийн сайд нэмж дурдсан байна.
Тэрбээр мөн Батлан хамгаалах яамны шинжлэх ухаан-судалгааны газар, Зэвсэгт хүчин, Энэтхэгийн аж үйлдвэрийн салбарынханд “асар их амжилтад” хүрсэнд нь баяр хүргэжээ. Энэтхэгийн дуунаас хурдан пуужин нь 1500 хүртэлх км-ийн тусгалтай гэж Ройтерс агентлаг бичжээ. Уг пуужин янз бүрийн ангиллын цэнэгт хошуу тээх чадалтай юм. Ердийн баллистик пуужингуудаас ялгаатай нь дуунаас хэт хурдан пуужингууд нь бага өндөрт нисэж, байдаа хурдан тусдагаас гадна агаарын довтолгооноос хамгаалах цогцолбороор амдан сөнөөх магадлал бага байдаг.
Одоогоор АНУ, Хятад, Орос улсууд дуунаас хэт хурдан пуужинтай. Иран болон БНАСАУ-ын эрх баригчид, мөн Йемений хутичууд ийм пуужин туршсанаа зарласан боловч зэвсэглэлд нь байгаа эсэх нь тодорхойгүй байна.
Сүүлийн жилүүдэд Энэтхэг улс батлан хамгаалах чадавхаа бэхжүүлэх өргөн хүрээтэй арга хэмжээ авч, АНУ, Япон, Австрали, Герман улсуудтай тус салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа юм.