Донецк мужид өрнөж буй тулалдаанд Оросын армийн талд байлдаж байсан хоёр хятад иргэнийг Украины цэргүүд баривчилсан тухай Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгдлээ.
Украины Ерөнхийлөгч тэднийг Оросын зэвсэгт хүчинд зүтгэж буй хятад цэргүүдийн хоёр нь гэж нэрлээд Кремлийн удирдагчид Бээжинг бүс нутгийн мөргөлдөөнд шууд болон шууд бусаар татан оролцуулахыг оролдож байна хэмээн буруутгав.
Харин Украины Гадаад хэргийн сайд Андрей Сыбиха “Украины нутаг дэвсгэрт байлдаж байгаа Хятадын цэргүүд тус улсын энх тайвны төлөөх байр сууринд эргэлзэхэд хүргэж байна” хэмээгээд Киев дэх элчин сайдаас тайлбар авахаар дууджээ.
Одоогоор Хятадын Засгийн газрын зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Хэдэн зуун хятад иргэн Балба болон Төв Азийн орнуудаас Оросын армитай хамт хөлсний цэрэгт байлдахаар явсан гэж үздэг.