Умард Солонгосын цэргүүд Орос, Украины дайны талбарт тулалдаж байгаа тухай Өмнөд Солонгос, АНУ, Украины эх сурвалжууд тагнуулын албаныхан мэдээлээд байсан.
Гэсэн ч энэ талаар Пёньян болон Москвагийн зүгээс ямар нэг мэдэгдэл хийгээгүй.
Тэгвэл Пёньян анх удаа цэргүүдээ Москватай хийсэн цэргийн хэлэлцээрийн дагуу Украины дайны талбар руу илгээснээ хүлээн зөвшөөрч Умард Солонгосын төрийн мэдлийн сувгаар өнөөдөр энэ тухай мэдээлсэн байна.
Уг мэдэгдэлд Умард Солонгосын Хөдөлмөрчдийн намын Цэргийн төв хороо удирдагч Ким Жон Уны зарлигийн дагуу Оросын армид дэмжлэг үзүүлэхээр цэргүүдээ дайны талбарт илгээсэн гэжээ.
Умард Солонгосын цэргүүд Украины неонацистуудыг устгаж Курскийн бүс нутгийг чөлөөлөхөд хүчин зүтгэхийг удирдагч Ким тушаасан гэж мэдэгдэлд дурдсан байна. Мөн тэдгээр баатрууд шударга ёс, эх нутгийнхаа нэрийн өмнөөс дайнд мордсон бөгөөд ОХУ шиг хүчирхэг холбоотонтой байх нь нэр төрийн хэрэг хэмээжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн зуны зургаадугаар сард Умард Солонгост айлчлах үеэр Пёньян болон Москва аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт иж бүрэн стратегийн түншлэл байгуулж цэрэг армийн дэмжлэг тусламж харилцан солилцохоор тохиролцсон юм.
Украины тагнуулын албанаас Умард Солонгос Оросын армид туслуулах 14 000 цэргийг илгээсэн тухай мэдээлсэн. Дайны талбарт орчин үеийн байлдааны техниктэй харилцаж үзээгүйгээс Умард Солонгосын цэргүүд хэдэн мянгаараа амь үрэгдсэн гэж өрнөдийн эх сурвалжууд мэдээлдэг юм.












































































