Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэл ажил аль хэдийн эхэлсэн бөгөөд үүнтэй зэрэгцээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дахин нэр дэвшихээр зэхэж, АН-аас Х.Баттулгыг дахин горилж байгаа гэх яриа улс төрийн хүрээнд гарчээ.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийхдээ Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэхгүй байх санаачилга гаргасан тухай мэдээлсэн байдаг.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “АН-ын бүлгийн 42 гишүүн Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хамгаалахын тулд Ерөнхийлөгч дахин сонгогдож болохгүй гэдэг дээр тууштай, хатуу зогсох ёстой гэх шийдлийг гаргахаар ярилцлаа” гэсэн юм.
Эл асуудлаар УИХ-д суудалтай ардчилсан намын 42 гишүүний 36 нь дэмжиж гарын үсэг зурсан бол үлдсэн зургаан гишүүний хувьд татгалзжээ.
Хамгийн сонирхолтой нь Ерөнхийлөгчийг дахин сонгогдох нөхцөлийг Үндсэн хуульд хийж болохгүй гэдэг санаачилгыг Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга дэмжиж гарын үсэг зуржээ.