Улаанбурхан өвчний тархалттай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нар ХӨСҮТ-д ажиллажээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар, Улаанбурхан өвчний дэгдэлт, нас баралт өндөр байна. Энэ нь вакцинжуулалтыг эрс нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна. Ялангуяа өвчлөл 9-14 насны хүүхдүүдийн дунд түгээмэл байгаа нь вакцинжуулалт муу хийгдсэний үр дагавар гэж үзэж байгаа.
Ковидоос хойш вакцинжуулалтад үл итгэх, худал мэдээлэл тараах болсон нь вакцинжуулалтад сөргөөр нөлөөлж байна. Улсын хэмжээнд вакцинжуулалт 30 гаруйхан хувьтай байгаа нь улаанбурхан өвчин дэгдэх шалтгаан болж байна. Тиймээс ард иргэддээ дархлаажуулалтад өргөнөөр хамрагдахыг уриалж байна.
Удахгүй наадам болно. Аялал зугаалгын үе эхэлнэ. Энэ нь өвчлөлийн дэгдэлтийг нэмэгдүүлэх хүчин зүйл болж болзошгүй учраас вакцинжуулалтад өргөнөөр хамрагдахыг уриалж байна. Вакцин бол шинжлэх ухаанаар батлагдсан зүйл.
Вакцинжуулалтыг өрхийн эмнэлгүүдээр дамжуулан улсын хэмжээнд зохион байгуулахыг үүрэг болголоо. Ингэж байж дэгдэлтийг зогсооно, шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө эрсдэлийг бууруулна, ирэх өвлийн томууны үетэй давхцуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ гэв.