Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Уг хуралдааны үеэр Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайханы оруулж ирсэн асуудлыг хэлэлцээд “Эрдэнэс Тавантолгой” дээр онцгой дэглэм тогтоохоор болжээ. Учир нь, “Эрдэнэс Тавантолгой” дээр авлига, хулгай, хүнд суртал нүүрлэсэн. Энэ асуудал нүүрсний экспортод сөргөөр нөлөөлж буй тул Засгийн газраас онцгой дэглэм тогтоох арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон байна.
Монгол Улсын нүүрсний экспортын орлого 13-30 хувиар буурахаар урьчилсан тооцоотой байгааг Тэргүүн шадар сайд Н.Учрал мэдээлсэн. Улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг нүүрсний экспортод дам нөлөөлж буй хүнд сурталыг арилгаж, хууль зөрчсөн албан хаагчдад хариуцлага тооцох асуудал ч яригдах бололтой. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргалыг томилсон. Харин Хамтарсан Засгийн газрын үед Хяналтын менежерээр Н.Пунцагийг томилсон бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу ажилладаг.
Улс хоорондын С зөвшөөрлийг авахын тулд 20 сая төгрөгийн авлига өгөхөд хүрч буй гэх албан бус мэдээлэл гарч байсан. Тэрчлэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед АТГ-ынн гурван комиссарыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн газрын даргаар томилсон нь олон нийтийн шүүмжлэлд өртөж байв.












































































