Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням даваа гарагт /2025.10.06/ мэдээлэл хийсэн.
Тэрбээр, Манай улс шатахууны хувьд хойд хөршөөс 100 хувь хамааралтай. ОХУ-д нөхцөл байдал туйлын хүнд байгаа ч Монгол Улсын Ерөнхий сайд Владивостокийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай тохиролцсон, хоёр орны хоорондын гэрээ хэлцлийн үр дүнд шатахууны нийлүүлэлт хэвийн байна.
Монгол Улс өнгөрсөн 35 жилд шатахуун нөөцлөх савыг нэмэгдүүлэх арга хэмжээ нэг ч удаа авч байгаагүй юм билээ.
Бид ирэх оны төсөв болон төсөл хөтөлбөрийн хүрээнд 50 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр гаргаж, шатахуун нөөцлөх савны хэмжээг нэмэгдүүлж, нөөцийг дахин нэг сарын хугацаагаар нэмэгдүүлэх боломжийг ААН-үүдэд олгохооор төлөвлөн ажиллаж байна.
Хоёрдугаарт, Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа нефьтийн үйлдвэрийн ажил эрчимтэй өрнөж байна.
2027 оны сүүлчээр бүрэн ашиглалтад орно. Боловсруулах нөөцтэй холбоотойгоор дотоодод хайгуул явуулж, гадаадаас импортлох зэрэг бүх хувилбараар ажиллаж байна гэлээ.