УИХ-ын чуулганы хурлаар Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.
Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат асуулт асуусан.
Тэрбээр “Тэтгэврийн зээлийн бодлого тогтвортой баймаар байна. Хаваржин энэ асуудлыг ярилаа. 500 мянган хүний амьдралтай холбоотой асуудал. Манайх дарга төвтэй улс болчихсон юм уу? УИХ-ын дарга хэлж байж сүүлд 36 сар гэдэг зүйл яригдаж байх шиг байна. Тэгэхээр энэ асуудлыг хаа хаана нь тодорхой болгох тогтолцоог гаргаж ирээсэй гэж хүсэж байна.
Түүний асуултад нэр дэвшигч С.Наранцогт “Засгийн газраас хэрэгжүүлэх ёстой суурь тэтгэврийн үндсэн реформыг хийж байж тэтгэвэр өнөөгийн үнэ цэнд зөв тогтож ахмадуудын амьжиргаанд хүрнэ. Банк талаас гэвэл бид үйлчилгээ л үзүүлж буй байгууллага. Тэгэхээр арилжааны банк үүрэг хүлээх нь зөв үү, буруу юу? Төв банкны хувьд зохицуулалтын үүрэгтэй оролцож байна.
Өнгөрсөн жилийг харахад тэтгэврийн зээл 44.2 хувиар өссөн. Үүний шалтгаан нь мэдээж үнийн уналт, инфляцтай уялдаж байна. Зарим тохиолдолд үр хүүхэд нь өөр зорилгоор авч ашигладаг. Иймд ахмадуудын гарт очих мөнгө багасаж, 84 хувь хүртэлх буцааж авсан мөнгө нь зээл болоод байна.
Амьжиргааг нь нэмэгдүүлэх бодлогын хүрээнд, зохицуулалтын хүрээнд банканд боломж олгох журмаар зээлийн хугацааг 36 сар гэж шийдсэн. Захиргааны арга хэмжээ авах нь зохимжгүй” гэсэн хариулт өглөө.











































































