Гадаадын иргэн, харьяатын газраас гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн талбайд шалгалт хийжээ. Шалгалтаар Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор төслийн 372 ажилтныг төлбөрөөс чөлөөлсөн ч ноцтой зөрчлүүд илэрсэн байна.
Тодруулбал, төслийн талбайд гадаадын иргэдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ажиллуулсан, хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан иргэдийг нууж зугтаалгасан, мөн төслийн нэр дээрх ажилтнуудыг тогтоосон байршлаас өөр газарт шилжүүлэн ажиллуулж ашиг олсон зэрэг үйлдлүүд тогтоогджээ.
Гадаадын иргэн, харьяатын газраас эдгээр зөрчлийг арилгах чиглэлээр албан шаардлага хүргүүлж, зөвлөгөө өгсөн боловч зөрчил дахин давтагдаж, төрийн байгууллагын шийдвэрт нөлөөлөх оролдлого удаа дараа гарсан байна.
Иймд төслийн удирдагч, БНХАУ-ын иргэн Yang Yao-н оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгож, албадан гаргах арга хэмжээ авсан ч албан зориулалтын паспортоор дахин хил нэвтэрч, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон тул хуулийн дагуу Монгол Улсад 3 жилийн хугацаанд дахин оруулахгүй байхаар тогтоож, албадан гаргажээ.
Төрийн байгууллагын хууль ёсны шийдвэрийг өөрчлүүлэхээр төрийн албан хаагчдад шахалт үзүүлэх, хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдох зэрэг зүй бус үйлдлүүд гарч байгааг ГИХГ-аас анхаарууллаа. Цаашид аж ахуйн нэгж, байгууллагуудыг Монгол Улсын хууль тогтоомжийг хүндэтгэх, гадаадын иргэдийн хууль бус үйлдлийг дэмжихгүй байхыг сануулж байна.











































































