Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай шатахууны асуудлаар өнөөдөр дараах мэдээллийг өглөө.
Евро-5 стандартын бүтээгдэхүүнийг дэлхий нийт 2012 оноос хойш хэрэглэж эхэлсэн бөгөөд 2012 оноос хойш үйлдвэрлэсэн бүх машин Евро 5 стандартын бүтээгдэхүүн хэрэглэх стандарттай байдаг.
Энэ талаар Ч.Хишигдалай “Хэрэв та доод тал нь 50, 60 сая төгрөгөөр машин худалдаж авч л байгаа бол Евро-5 стандартын бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Энэ нь хөдөлгүүрийн элэгдэл, хүрээлэн байгаа орчин хүний эрүүл мэндэд тус нөлөөтэй бүтээгдэхүүн. Улаанбаатар хотын төвийн бүсэд Евро-5 стандартаас доош бүтээгдэхүүн хэрэглэхгүй гэсэн шийдвэрээ Нийслэлээс гаргачихсан. Хүссэн хүсээгүй бид Евро-5 стандартын бүтээгдэхүүн хэрэглэнэ.
ОХУ 100 хувь энэ бүтээгдэхүүнээ хэрэглэдэг. Бид л ард иргэдийн амьжиргаа хэцүү байна гэж гуйгаад хямд үнэтэй Евро-2 стандартын бүтээгдэхүүн үйлдвэрлүүлж авдаг. Хэзээ нэгэн цагт ОХУ-ын хуучирсан үйлдвэрүүд зогсоно. БНХАУ Евро-5 стандартын бүтээгдэхүүн хэрэглэдэг. Том хотууд нь Евро-6 стандартын бүтээгдэхүүнд шилжчихсэн байна. Евро-7 стандартын бүтээгдэхүүн ч яригдаад эхэлсэн. Түүнчлэн агаарын бохирдол ихтэй байгаа үед эрүүл мэндээ ч бодох ёстой. Иймд энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшин бодит байдалтайгаа нийцэх ёстой” гэв.









































































