Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2025.12.23/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр, Улаанбаатар хотод сүүлийн 10-аад хоногт шатахуун дараалал тасралтгүй үргэлжилж байна. Улаанбаатарт ердийн үед 900-1250 тонн шатахуун хэрэглэдэг. Тэгвэл 12-р сарын 22-ны мэдээгээр 183 ШТС руу 1427 тонн АИ-92 автобензин, 575 тонн евро-5 автобензин гаргасан байна. Өнөөдөр дахин 45 вагоны хангалт бууж байна. Улаанбаатарын хэрэглээ буурахад орон нутагт руу түгээлт хийнэ. Нийлүүлэлт сайжирсан тул асуудал ойрын хугацаанд жигдэрнэ.
Ний нуугүй хэлэхэд 7, 8-р сард монголчууд урд өмнө байгаагүй их хэмжээгээр шатахуун хэрэглэсэн. Орон нутгийн 100 жилийн ой, бүсийн наадмуудтай холбоотой шатахууны хэрэглээ эрс нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор Монгол Улсын нөөц буурсаар байсан.
Манай улс сард тодорхой хэмжээний шатахуун авах гэрээтэй. Гэрээний дагуу авч байсан ч 10-р сард ОХУ-аас тодорхой шалтгааны улмаас нийлүүлэлтийг бууруулсан. Сард 70 мянган тонныг авдаг бол 55 мянга болгон бууруулсан. 11 сард нийлүүлэгдсэн харьцангуй нэмэгдсэн. 12-р сарын эхний 10 хоногт нийлүүлэлт тодорхой хэмжээгээр буурсан. Улаанбаатар хотын агуулахын нөөц дуусахад шатахууны тасалдал, урт дараалалт үүсэж байна гэв.









































































