Хэвтэрт байгаа иргэн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн газраас үйлчилгээ авахын тулд заавал хурууны хээгээ уншуулах болсон тул тухайн иргэнийг дамнуургаар зөөж авчирсан бичлэг цаим орчинд цацагдлаа. Энэ байдалд иргэд бухимдаж, төрийн үйлчилгээний хүнд суртлыг шүүмжилж байна.
Мөн энэ үйлдэлтэй холбоотой гомдол Засгийн газрын 1111 төвд иргэдээс олноор ирж, Ерөнхий сайд Г.Занданшатарын чихэнд хүрчээ.
Ерөнхий сайд өнөөдөр, XXI зуунд хэвтэрт байгаа иргэнийг ортой нь зөөж авчирч, хурууны хээ авч үйлчилгээ үзүүлж болохгүй. Энэ талаар иргэдээс санал гомдол олон ирсэн. Өглөө ЗГХЭГ-т танилцуулагдсан. Иргэнээс уучлалт гуйх хэрэгтэй.
Зөөврийн компьютер, хиймэл оюун ухаан гэх мэт технологийн боломж бүрдээд байхад төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай үзүүлэх талаар шинэчлэл хийж ард иргэдэд танилцуулах хэрэгтэй гэв.









































































