Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих багийн Жаргалантын ам орчимд хонио эргүүлэхээр морьтой гарсан 56 настай иргэн сураггүй болсон тухай дуудлага нэгдүгээр сарын 7-нд тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газар, сумын мэргэжлийн анги болон ар гэрийнхэн нийт 31 хүн, 7 автомашин, 14 морьтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Эрэлчид нийт 161 км талбайд эрлийн ажиллагаа хийсэн байна.
Хайгуулын үр дүнд сураггүй болсон иргэнийг 2026 оны нэгдүгээр сарын 11-ний 12:27 цагт олж, ар гэрийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.












































































