Ардчилсан Намын 4/11 мэдээллийн цагаар эрчим хүчний салбар дахь цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Ө.Шижир “Өнөөдрийн эрчим хүчний салбарын нөхцөл байдал бол худлаа ярьж байсны үр дүн юм. Эрчим хүчний аюулгүй байдал бүрэн алдагдаад байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд ДЦС III, ДЦС IV-т ээлж дараалсан дэлбэрэлтийн улмаас хүний амь нас хүртэл хохирсон. Харамсалтай нь хэн ч хариуцлага хүлээдэггүй.
Мөн Эрчим хүчний үндэсний хороог татан буулгасан нэртэй боловч өнөөдөр Шадар сайдын ажлын албан дээр Эрчим хүчний экспортыг дэмжих нэгж гэдэг нэртэй бүтэц өнгөрсөн арваннэгдүгээр сард байгуулагдсан. Нэг салбарыг хэд хэдэн сайд хуваагаад хариуцдаг болчихоор үүсээд байгаа нөхцөл байдалд хэн ч хариуцлага хүлээдэггүй тогтолцоо бий болчхоод байна.
Тиймээс миний бие өөрийн албан бланк дээр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт хариуцлага тооцож, огцруулахыг шаардсан албан бичгийг өнөөдөр Ерөнхий сайд руу хүргүүлж байна. Өмнө нь УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнийг огцруулахдаа гарын үсэг цуглуулдаг байсан бол хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдахыг хориглож, зөвхөн шаардлага тавих эрхтэй болсон.
Ерөнхий сайд хариуцлага, үр дүн шаарддаг тухайгаа байнга ярьдаг. Тэгвэл хамгийн томоор ажлын хариуцлага алдсан хоёр сайддаа хэрхэн хариуцлага тооцох вэ гэдгийг харъя” гэв.








































































