Хошин урлагийн Х ТҮЦ хамтлагийн жүжигчид болох Н.Онон, И.Одончимэг, Л.Баттулга нар Төрийн соёрхолт зохиолч Ц.Доржготовын зохиолыг хулгайлж, тайз дэлгэцийн уран бүтээл хийсэн нь илэрч, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа билээ.
Гэтэл ийнхүү шалгагдаж байх явцдаа дахин хулгай хийсэн нь илэрчээ. Иймд зохиолчид нэгдэж эхэлсэн бөгөөд шог хошин зохиолч сэтгүүлч Ж.Барамсай агсны зохиолыг ч хулгайлдаг болохыг түүний охин Б.Хонгорзул илчиллээ.
Тэрээр “Хошин урлагийн жүжигчид маш муухай үйлдэл гаргадаг. Жишээ нь, жүжигчин Л.Баттулга /Аглуу/ гэх хүн миний аавын зохиол бүтээлээс үргэлж хулгай хийдэг. 2021 онд аавын минь 70 насны ой болоод би аавдаа зориулж эрдэм шинжилгээний хурал хуй хийгээд маш завгүй байсан үеэр нэг удаа надтай холбогдсон. Би тэр хүнийг танихгүй, мэдэхгүй.
Гэтэл шууд л “Ж.Барамсай гуайн зохиол “Аавын дээл”-ээр контент хийсэн юм аа, маргааш IPTV-үүдээр гарах гэж байгаа” гэсэн.
Би үнэхээр их гайхсан. Яагаад хийхийнхээ өмнө биш хийснийхээ дараа хийж байгаа юм? Тэгээд нэгэнт хугацаа нь тулчихсан болохоор миний хувьд аавынхаа 70 насны ойн баярт ирээд үг хэлээд өгөөч, зохиол бүтээлээс нь ирсэн хүмүүст сонордуулаад өгөөч гэсэн хүсэлт тавихад за гэсэн ч ирээгүй.
Хүн бусдын юмыг авахдаа урьдчилж зөвшөөрөл авдаг биз дээ. Зөвшөөрөл авахгүй хийчихээд яг олон нийтэд цацах болохоор хэлэхгүй бол болохгүй гэсэн байдлаар хандаж байгаа нь арай л дэндсэн хэрэг болсон.
Иймд би цаашдаа маш хатуу байр суурь барина.
Аавынхаа уран бүтээлийг цаашид дурын нэг хүнд ашиглуулж чадахгүй. Үнэхээр зохиол бүтээл нь таалагдаад уран бүтээл хийх гэж байгаа бол ирээд уулзаад үнэлээд явах ёстой. Энэ чинь оюуны өмч учир үнэлэгдэх ёстой. Дэлхийд бол хамгийн түрүүнд аливаа уран бүтээлийг хийхэд зохиолчийн зөвшөөрөл байгаа эсэхийг шалгадаг.
Гэтэл яагаад Монголд бусдын оюуны бүтээлийг ашиглахдаа ингээд хулгайлаад байдаг юм? Хэн дуртай нь хулгайлаад, сүүлдээ бүр зохиолын үзэл санааг нь гуйвуулаад марзагнал болгоод байдаг энэ асуудалд цэг тавина.
Төрийн соёрхолт зохиолч Ц.Доржготов гуай бол миний аавын багш.
Миний аав маш их хүндэлж, бахархдаг байсан хүн нь. Сүүлдээ бүр Ц.Доржготов гуайн зохиол, аавын минь зохиол хоёрыг хооронд нь хольж хутгаад “Миний супер аав”, “Ханиа даргад үнсүүл” гээд ийм контент хийчихсэн байгаа юм.
Миний аавын бас нэг алдартай зохиол байдаг. “Би яасан бэ” гээд. Эд нарыг нэгтгээд контент хийчихсэн байгаа нь үнэхээр дэндэж байна. Ингэж хийхдээ надаас ч тэр, Ц.Доржготов гуайгаас ч зөвшөөрөл аваагүй. Энэ бол цэвэр хулгай” хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ.






































































