Азийн наадмын 18 дахь удаагийн тэмцээн 2018 онд Индонезийн Жакарта болон Палембан хотод болж, гар бууны 25 метрийн төрөлд Энэтхэгийн тамирчин Рахи Сарнобат алтан медаль хүртсэн нь олон Монголчуудыг гонсойлгосон.
Учир нь, түүний хувийн дасгалжуулагч нь Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн хошой аварга, Олимпын хошой хүрэл медальт, Дэлхийн цомын олон удаагийн аварга, Ази болон Европын аварга Д.Мөнхбаяр байв.
Тэрбээр зодог тайлснаасаа хойш Энэтхэгийн залуучуудын шигшээ багийг дасгалжуулах болсон юм.
Д.Мөнхбаяр Рахи Сарнобатын хувийн дасгалжуулагчаар ажиллаж, эл тамирчин Энэтхэгийн буудлагын спортын түүхэндэх анхны Азийн наадмын аварга эмэгтэй гар бууч болсон нь энэ юм.
Мөн Рахи Сарнобат Дэлхийн цомд түрүүлсэн анхны эмэгтэй гар бууч болж чаджээ. Түүнээс хойш улсынхаа гол найдвар болсон ч тэр жилдээ тохойндоо хүнд бэртэл авсан учраас буудах техникээ өөрчлөх саналыг Д.Мөнхбаяр тавьж, улмаар ийнхүү алтан медалиар энгэрээ мялаасан түүхийг бүтээжээ.
Түүнийг Энэтхэгт ажиллах саналыг хүлээн авсны дараа Монголын буудлагын холбооноос түүнд дасгалжуулагчийн ажил санал болгосон ч гэрээгээ цуцлах боломжгүй гэдгээ гавъяат тамирчин Д.Мөнхбаяр мэдэгджээ.
Тэрээр 2020 оны Токиогийн олимп хүртэл Энэтхэгийн шигшээ багт зүтгэж, хинди бүсгүйчүүдийн дасгалжуулагчаар ажиллахаар гэрээ хийсэн юм байна.
Уг нь тэрээр 2021 оноос хойш өдийг хүртэл Монгол улсын иргэншлээ сэргээхээр Гадаадын иргэн, харъяатын газар /ГИХГ/ өргөдөл гаргасан боловч түүний хүсэлтийг эх орон нь хүлээж аваагүй.
Хэдийгээр тэрээр тодорхой шалтгаанаар Герман улсын нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцдог байсан ч өдгөө Монголдоо эргэн ирж, монгол тамирчдаа дасгалжуулах хүсэлтэй байжээ.











































































