Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар өнгөрсөн баасан гарагт байгуулагдсан. Улмаар өнөөдөр анхны хуралдаанаа хийж, зарим нэг шийдвэрүүдийг гаргаж байна. Тодруулбал, эхний шийдвэрээрээ татварын өртэйн улмаас хаагдсан 12100 компанийн дансыг өнөөдрөөс шууд нээлээ.
Энэ түгжээг тайлснаар эдийн засгийн цусны эргэлтийг идэвхжүүлэх дохио өгч байна хэмээн үзэж байгаа аж.
Татварын ерөнхий хуулиар улс орон, эдийн засагт онцгой нөхцөл байдал үүссэн бол ийм арга хэмжээ авах боломжтой юм. Түгжигдсэн дансанд орлого орж ирэх нь нээлттэй ч зарлага гаргаж болдоггүй. Зарлага гаргаж байж, орлого олж, компани, бизнесийн үйл ажиллагаа хэвийн болж, татвар, зээл, цалин, бусдад өгөх төлбөрөө төлөх нь энгийн ойлголт юм.












































































