Засгийн газрын бондын хүү 14%-с доош буюу Монголбанкны бодлогын хүүгээс доош орчихлоо. Банкууд Засгийн газрын бондоор ашиг хийх боломж нь хаагдсан гэсэн үг. Гэтэл нөгөө талд нь зээл гаргалт зогсчихоод байдаг. Банкууд кассандаа байгаа 1.4 их наяд төгрөгөө шингээх газаргүй болж. Одоо энэхүү мөнгөө Монголбанкинд л зээлж 14% хүү авч амьдарч байна. Монголбанк ч нөгөө хэдийгээ дампууруулахгүй гэж 14% хүүг хэвлэсээр л.
Гэхдээ ОУВСангийн хөтөлбөр батлагдмагц Монголбанк бодлогын хүүгээ бууруулна. Тэр үед банкууд мөнгөө хийх газар бүр байхгүй болно. Миний харж байгаагаар банкуудад дампуурахгүй байх ганц зам үлдсэн. Тэр нь хадгаламжийн хүүгээ бууруулах. Одоогоор дундаж халгаламж 13% байгаа. Үүнийг жилийн 5% хүртэл нь бууруулах боломжтой. Тэрнээс биш алдагдал, чанаргүй зээлээ татвар төлөгчдийн хөрөнгөөр барагдуулна гэж шүлэнгэтэж дайрах хэрэггүй. Өөрсдийн зардлаа л бууруул. Өнөөдөр өндөр хадгаламжтай 1,000 хүнийг улсаараа нийлж тэжээж байна. Үүнийг халах цаг болсон.
Монголын санхүүгийн зах зээлийн хамгийн том гажуудал нь БАНКНЫ ӨНДӨР ХАДГАЛАМЖ. Үүнээс болж маш олон аж ахуйн нэгжүүд дампуурч, иргэд ажилгүй, амьдралгүй болсоор байна. Нийт 3 сая иргэний жилдээ төлж буй 1.5 их наяд төгрөгийн 95%-ийг 1 мянга хүрэхгүй хүн хувааж авдаг гэхээр дэндүү бохир систем байгаа биз. Тиймээс хадгаламжийн хүүгээ бууруул. Энэ л банкуудын дампуурахгүй үлдэх ганц зам.
Хөрөнгийн зах зээлийн шинжээч, \”Novel Fund” компанийн захирал Д.Ангар